Thursday, June 14, 2012
Төсвийг гурав нугалсан халамж
Баянхонгор аймгийн Заг сумын 1400 гаруй иргэн нэгдэж, 21 000 төгрөгөөрөө “Загийн гол нэгдэл” ХК байгуулан амжилттай ажиллаж эхэлсэн тухай мэдээлэл жилийн өмнө гарч байв.
“Мон лаа” компанийн санаачилгаар байгуулагдсан энэ компани байгуулагдсан жилдээ 160 000 чацарганы мод суулгаж, 90 хувьтай ургуулж чадсан гэдгийг сонсоод бахархаж байлаа. Үүний зэрэгцээ мөнгө гэдэг бөөнөөрөө байвал ямар их хүчтэйг ойлгож авсан юм. 14000 гаруй хүний 322 сая, “Мон лаа” компанийн 161 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар байгуулагдсан уг компани үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаасаа эхлэн 100 гаруй хүнийг ажлын байраар хангаж эхэлсэн бөгөөд иргэд жил бүр оруулсан хөрөнгөтэйгөө тэнцэхүйц ашиг хүртэж, 3-4 жилийн дараа чацарганы мод үр ашгаа өгч эхлэх үед Заг сум хөгжлийнхөө замд орно гэсэн тооцоотой ажиллаж байгаа юм. Заг сум 1900 гаруй иргэнтэй. 1400 гаруй хүн 400 гаруй сая төгрөгөөр л сумаа хөгжил дэвшилд хөтлөх компани байгуулаад ажиллаж болж байна гэдэг бол бусад сум ч энэ жишгээр хөгжих боломж байсан гэсэн үг билээ.
Гэтэл яагаад хөгжсөнгүй вэ. Жаахан тоо бодсон бичлэг болох байх, гэхдээ бодоод үзье. Монгол Улс 333 сумтай. “Загийн гол нэгдэл”-ийн жишээнээс харахад 500 сая төгрөг байхад сумаа чирээд явчих хэмжээний компанийг байгуулж болдог байх нь. Монгол Улс газар нутаг томтой, шимт хөрс элбэгтэй. Сум болгонд ийм үйлдвэр байгуулаад ихэвчлэн импортоор орж ирдэг жимс жимсгэнэ, нарийн ногоогоор дагнан хөгжиж, экспортлогч улс болох боломж нээлттэй харагдана. Дэлхий дахин “Бухар хивс”, “Хятадын гангар шаазан” гэж бахдан ярилцдаг шиг даян дэлхийн хэрэглэгчид “Ховд алим”, “Дорноговийн шийгуа” гэх мэтээр шагшин ярилцаад л. Цааш нь мөрөөдөөд байвал дуусахгүй. Энэ бүх мөрөөдлийг бодит ажил болгоход ердөө 150 гаруй тэрбум төгрөг, жаахан хугацаа, ахиухан хөдөлмөр л хэрэгтэй. Засгийн газар уг нь ийм хэмжээний хөрөнгийг “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан”-д байршуулаад байгаа гэх.
Бараг бүх сум өөрийн гэсэн компани, дэлхийд биш юм аа гэхэд бүс нутаг, улсдаа танигдсан брэнд бүтээгдэхүүнтэй болох боломжийг төрөөс аль хэдийнэ бүрдүүлээд өгчихсөн. Үр дүн хаана байна. Аливаа улс орон хамгийн сайн чаддаг зүйлээ, өөрт байгаа давуу талаа ашиглаж байж л хөгждөг. Монгол Улсын хувьд энэ давуу тал нь уул уурхайн хажуугаар газар тариалан байж болж байна. Нэг хүнд ноогдох талбайгаар дэлхийд тэргүүлдэг улс газар тариалангаар хөгжихгүй бол ертөнцийн гутамшиг. Бид гутамшиг болчихоод явж байна. Хамгийн сайн чанарыг жимс, ногоо, үр тариагаар дэлхийг хангах, олсон мөнгөөрөө хамгийн сайн чанарын бараа бүтээгдэхүүнийг бусдаас авч хэрэглэх энэ санаа бүтэшгүй мөрөөдөл хэвээрээ 20 жил болж байгааг гутамшиг гэхээс өөр юу гэх вэ. Бид өнөөдөр хөгжсөн гэж ярьж байгаа ч үнэн хэрэгтээ коммунист сургаалаар хөгжиж байсан үеийнхээ төвшинд хүрэхээр оролдож байна. Чадахгүй ч байна. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн хөрөнгө үр дүнгээ өгөх хол байна. Учир нь салбар нь буруу байгаа юм. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих 150 тэрбум төгрөг 300 сумыг хөгжүүлж чадсангүй ээ.
Нэгэн цагт Монгол Улсын Ерөнхийлөгч “Монгол Улс хэдхэн жилийн дараа “Азийн бар” улс болно” гэж дуу алдсан юм гэнэ билээ. Үнэхээр л харагдаж, мэдрэгдэж байсан болоод тэгж хэлсэн байж таарна. Бас ямар нэгэн гадны хүчин тэр үед “Монгол орны хөгжлийн галт тэрэгний” дундуур нь орж, зогсоосноос болж бид өнөөдөр нэг улсаас хараат болсон байх учиртай.
Мөнгө бөөнөөрөө байх тусмаа хүчтэй. Харин бага, багаараа болж гэмээнэ юу ч биш болдог. Алунгуа эх таван хөвүүндээ багцалж боосон таван сумыг “хугал” гэж өгөөд чадсангүйд “Та тав хамтдаа байх тусмаа хүчтэй” гэж хэлсэн гэдэг. Мөнгө бол нэг ёсондоо Алунгуа эхийн сум юм. Өнөөдөр бид тэрбум гаруй ам.долларыг хатуухан хэлэхэд “ходоодоороо оруулж, хошногоороо гаргачихаад” сууж байна. Өөрсдөө бүх юмаа хийдэггүй, 80 хувь импортлогч улс учир тэр их мөнгөний 80 хувь нь Монголоос гараад явчихсан гэсэн үг. Хайран мөнгө. Тэр их хөрөнгө “50 000”, “70 000”, “21 000”, “330 000” болж хэсэг, хэсгээрээ салаагүй бол Тавантолгойн ордыг ч эргэлтэд оруулж чадах байв. Тавантолгой бол нөөц нь тогтоогдож, зарим хэсэгт нь ТЭЗҮ хийгдчихсэн орд. Зарим газраа нүүрс нь бараг ил гарчихсан байдаг, өнгөн хөрсөө хуулаад л шууд олборлолт явуулах боломжтой. “Стратегийн хөрөнгө оруулагч” олох нь ямар ч асуудалгүй. “Хэнийг түших вэ” гэдгээ шийдлээ л бол бүтээн байгуулалтаа шууд эхлүүлэх боломжтой. Гэтэл ийм ордыг бие дааж хөдөлгөх боломжоо алджээ. Үүнээс болж хөгшчүүд голдуу 1 450 000 иргэн дэлхийд хосгүй Тавантолгойн коксжих нүүрсний аварга уурхайн хувьцаа эзэмшигч болох эрхээсээ татгалзчихаад байна. Тавантолгой ашиглалтад орохгүй удах тусам эдгээр хохирогчдын тоо улам л өснө. Монгол Улсын Үндсэн хуулийн 6.1-д “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэж заасан байдаг учраас хувьцаагүй үлдэж байгаа иргэдийг хохирогч гээд байгаа юм.
Монгол Улсын төсвийн нийт орлого 2008 онд 2,423.2 тэрбум төгрөг, нийт зарлага 2,560.1 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт тэнцэл 136.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 2.5 хувьтай тэнцэх хэмжээний алдагдалтай, улсын төсвийн орлого 1,718.1 тэрбум төгрөг, зарлага 1,946.6 тэрбум төгрөг, улсын төсвийн нийт тэнцэл 228.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 4.2 хувьтай тэнцэх хэмжээний алдагдалтай байхаар батлагдаж байсан бол 2011 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 3,942.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 38.8 хувь, тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн нэгдсэн төсвийн нийт зарлага 4,931.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 48.5 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 988.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий -9.7 хувь, улсын төсвийн орлого 3,080.0 тэрбум төгрөг, зарлага 3,609.8 тэрбум төгрөг, улсын төсвийн тэнцэл 529.8 тэрбум төгрөгийн алдагдалтай батлагдаж байжээ /мэдээллийг www.iltod.gov.mn сайтаас авав/. Энэ оны төсвийн алдагдлын хувьд ДНБ-ий 3.0 хувьтай тэнцэж байна. Энд тооцогдож байгаа ДНБ-ий үлэмж хэсэг нь Монголд ямар ч хамаагүй /Тогтвортой байдлын гэрээ, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих бусад хуулиас шалтгаалан/ гэдгийг бодолцвол алдагдал үлэмж байгаа гэдэг нь тодорхой юм. 2007 онтой харьцуулахад цалингийн төсвөө гурав нугалсан хөрөнгийг бид халамжид зарцуулсан байна.
“Хувьцаа, мөнгө” гэж тараалгүй, төр өөрөө Тавантолгойн ордыг ашиглалтад оруулсан бол Эрдэнэтийн дайтай хот босох л байсан. Тэр цагт хувьцаа тасалж өгөх шиг амархан юм юу байх билээ. Баавгайг алаагүй байхдаа арьсыг нь хуваасны гай энэ. “Төр муу менежер” гэж үг байдаг. Гэхдээ “хоноцын бодлого”-ыг хүлээн зөвшөөрч байгаа хөрөнгөө тарааж цацах нь арай хэтэрсэн гэдэгтэй олон хүн санал нийлэх байх. Хүмүүст ажиллаж, ашгаа өгч байгаа Тавантолгойн уурхайн хувьцаа хэрэгтэй байсан болохоос агаар дээр байгаа “1072” хувьцаа хэрэггүй л байсан юм. Эцсийн эцэст, өөрсдөө “өгнө” гэж эхэлж хэлээгүй бол ард түмэн нэхэхгүй л байсан шүү дээ.
Resourse from: olloo.mn
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment